Монгол ямааны ноолуур өндөр чанартай байдаг нь Төв Азийн өндөрлөгт Монгол ямаа нь олон мянган жил амьдрахдаа хатуу ширүүн уур амьсгалд зохицож хамгийн нарийн ширхэгтэй, зөөлөн дулаан ноолууртай болсон гэх үндэслэлтэй. Ноолуур нь байгалийн тансаг амьд ширхэгт юм. Нэхмэлийн зориулалттай ширхэгт дотроос хамгийн уян зөөлөнд тооцогддог ба ноолууран бүтээгдэхүүн нь дулаан сайн хадгалдаг, үслэг, зөөлөн, хөнгөн шинж чанараараа онцлог бөгөөд гадаад үзэмж сайтай тансаг хэрэглээний бүтээгдэхүүн юм.
Ноолууран бүтээгдэхүүний үндсэн бүтэц нь микроскопоор харахад хөндий гуурс байдаг тул аль болох чийглэг орчинд байлгах тусам параллель чиглэлд орж өөрийн хэлбэрийг зөв хүлээж авдаг болно.
Ноос, ноолууран эдлэлийг зөв арчилж цэвэрлэвэл улам зөөлөрч сайхан болдог. Та ноос, ноолууран эдлэлээ аль болох мэргэжлийн угаалга цэвэрлэгээгээр цэвэрлүүлэхийг зөвлөж байна. Ингэж цэвэрлэсэн ноолууран бүтээгдэхүүний өнгө болон хэлбэр хэмжээ хэзээ ч алдагдахгүйгээс гадна эдэлгээ нь улам уртасна.
Говь үйлдвэрийн угаалга нөхөн засварын үйлчилгээний цэгүүд өөрийн компанийн нэрийн барааны дэлгүүрүүдээр ажилладаг ба таны тансаг ноолууран бүтээгдэхүүнийг шинэхэн мэт арчилж цэвэрлэж өгөх болно.
Хэрэв та угаалга цэвэрлэгээгээр цэвэрлүүлэх боломжгүй тохиолдолд ноос ноолууран эдлэлээ хэт бохирдуулалгүйгээр дараах зааврын дагуу гараар угааж цэвэрлээрэй.
- Ноос, ноолууран эдлэл угаах зориулалтын шингэнээр 30 хэмийн бүлээн усанд хир буртагийг арилтал зөөлөн базаж угаана.
- Үрж болон мушгин угааж болохгүй
- Угаасны дараа цэвэр усаар угаалгын бодисыг арилтал сайтар зайлна
- Ус шингээхүйц зөөлөн алчууранд усыг нь сайтар шингээж зөөлөн базаж авна.
- Тэгшхэн гадарга дээр хэлбэр хэмжээг алдагдуулахгүйгээр дэлгэж хатаана.
- Ноолууран эдлэлээс 0.5-1см зайтай бүлээн индүүгээр уураар жигнэн индүүднэ.
Хими цэвэрлэгээ нөхөн засварын цех нь анх 2001 онд өөрийн үйлдвэрийн сүлжмэл эдлэл сэргээн засварлах үйлчилгээ хийх зорилгоор байгуулагдсан. Одоогийн байдлаар өөрийн үйлдвэрийн сүлжмэл бүтээгдэхүүнээс гадна, бусад үйлдвэрийн ноолууран болон тэмээний ноосон сүлжмэл бүтээгдэхүүнийг угааж цэвэрлэх, нөхөн засвар хийх, оёж сэргээх, загварыг өөрчлөх, өнгийг будах зэрэг үйлчилгээг үзүүлдэг.
Хими цэвэрлэгээ нөхөн засварын цэгүүд: “ Factory store” төв дэлгүүр, “UB Mart” дахь нэрийн барааны дэлгүүр, “ Ачлал Их Дэлгүүр” дэх нэрийн барааны дэлгүүр