Сарлаг нь уулархаг газар ихэвчлэн амьдардаг, дэлхийн улс орон бүрт байдаггүй Монгол, Түвд, Хятад улсуудад нутагшиж, малчин ардын ачлага уналганд ашиглагдахаас гадна өөрийн ашиг шимийг олон талаараа өгсөөр байдаг малын нэг.
Сарлагийн хамгийн үнэт түүхий эд нь түүний хөөвөр байдаг. Хөөвөр нь ямааны ноолуурын нэгэн адил хөнгөн зөөлөн, ширхэгтэй, дулаан хадгалах чадвар сайтай, биед эвтэйхэн хамгийн чухал нь үнийн хувьд хямд өртөгтэй түүхий эд. Албан ёсоор сарлагийн хөөврийг 1970 оноос ашиглаж эхэлсэн гэдэг ч манай өвөг дээдэс эрт үеэс ахуйн хэрэгцээндээ хэрэглэж иржээ
“Говь“ компани анх удаа 1982 онд сарлагийн хөөврөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, чанартай шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн хийсэн гэж үнэлүүлэн “Алтан медаль” авч байсан уламжлалтай үйлдвэр. Энэ уламжлалаа өнөөдөр ч бид алдаагүй сарлагийн самнасан хөөврөөр төрөл бүрийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэсээр байна.
Сарлагийн хөөвөр нь ноолуур, хялгаснаас бүрддэг. Саарал, бор, хар гэсэн үндсэн өнгөтэй. Сарлагийн хөөврийн дундаж нарийн нь 20.0-24.0 мкм, урт нь 34.5-35.5 мм байдаг.