
Монгол орны говь нь байгалийн үзэсгэлэнгээрээ Дэлхийд гайхагддаг, нүүдэлчний соёл иргэншлийн олон онцлогийг өөртөө хадгалсан өлгий нутаг. Шижиртэн шаргалтах элсэн манхнууд, тэдгээрийн дунд таарах говийн баянбүрд, нүд алдам цэлийх өргөн уудам тал бүхий онгон дагшнаараа алдартай билээ. Их говийн зоригтон малчдын үе дамжин маллан өсгөн үржүүлж, ашиг шимийг нь хүртсээр ирсэн сүргийн нэг нь дэлхийд нэн ховордож байгаа хос бөхт тэмээн сүрэг юм.
Тэмээ нь цагаан, шар, хүрэн гэсэн 3 зүсмийн байх ба үүлдрээрээ “Галбын говийн улаан”, “Ханын хэцийн хүрэн” гэсэн үндсэн 2 үүлдэртэй, ашиг шим ихтэй тэнгэр заяат амьтан билээ.
Монголын 33 говьд тэмээгээ өсгөөгүй газар байхгүй байсан үе саяхан. Өргөн уудам нутагтаа нийт 850 гаруй мянган толгой тэмээтэй, хамгийн олон хос бөхт тэмээтэй гэдгээрээ дэлхийд тэргүүлж байсан билээ.
Сүүлийн жилүүдэд тэмээний ашиг шимийг дээшлүүлж, тоо толгойг нь өсгөхөөр улс даяар янз бүрийн хөдөлгөөн өрнөж, төрийн бус байгууллагууд байгуулагдан малчид, үйлдвэрлэгчдийг холбон ажиллаж байна.
Тэмээний ноос нь ноос, хялгас, сор үснээс бүрдэнэ.
Тэмээний ноос нь чанартай, дулаан сайн хадгалдаг бөгөөд ноолууртай харьцуулахад ширхэгт нь урт, бөх бат чанараараа давуу бөгөөд ширхэгтийн дундаж нарийн нь 21-25 мкм байдаг.
1-3 настай ботго торомны ноосны нарийн нь 20 мкм-с доош урт нь 43.5 –45.5 мм, байхад 3-с дээш насны тэмээний ноосны нарийн нь дунджаар 24 хүртэл мкм, урт нь 44.5- 47.5 мм орчим байна.